Tuesday, December 14, 2010

АРХИНААС ГАРХАД ОРОЙТОХГҮЙ



Энэ явдал цагаан сараар болсон юм. Гэхдээ манай хашаанд ч биш, сургууль дээр ч биш, харин Убаа эгчийн хашаанд болсон хэрэг юм шүү. Тэр хашаа Төв эмнэлгийн зүүн урдхан баруун тийшээ харсан нэг доголд байсан юм. Андашгүй, тэр доголын урдах өнцөг дээр ба баруун тийшээ харсан архины мухлаг байдаг юм.

Убаа эгч над шиг үсээ хусуулчдаг цул үрчлээ болсон нүүртэй намхан бөгтөр эмгэн байсан юм. Түүний нас нүүрийнхээ үрчлээ шиг л тун их байсан байх. Яагаад гэвэл манайхан цөмөөрөө *эгч* гэдэг. Тэр байтугай өндөр өвөө хүртэл түүнийг *эгчээ* гэдэг байсан юм. Тийм их настай хүн болохоор нь бид жил бүр очиж золгодог ёсоороо үдээс хойш тэднийд очсон юм.

Убаа эгч хашааны голд байшингийн дэргэд барьсан жижигхэн өмгөр гэртээ оруулж бидэнтэй золгоод хонины тарган ууц, идээ, битүүллэг тавьж дараа нь банш чанаж өгдөг юм. Тийм сайхан амттай банш өөр айлд ер идэж үзээгүй шиг санагддаг сан. Бас жаахан айраг халаагаад өгч байх ч магадгүй. Дараа нь эгч бид хоёрт чихэр боов, ээжид жаахан хоргой ч юм уу, гоё алчуур ч өгөх магадгүй. Өвөөг бол ахтай хамт шимийн архиар заавал дайлна.

Сэдэд ах бол ахмад цолтой дарга хүн. Гэхдээ Убаагийн хүү юм гэнэлээ. Намхан тагжгар бор хүн байдаг юм. Убаа эгчийнд дайлуулж бэлэг сэлт авсны дараа тэр ах биднийг гэртээ урьсан юм. Гэртээ ч гэж, үнэндээ эгчийн гэрийн зүүн талын урт нарийхан намхан цагаан байшинд урьсан. Ахын авгай элдэв ногоо пүнтүүзтэй гоё хуургаар дайлсан юм. Өвөөг бол шимийн архиар биш, шилтэй гоё хүрэн архиар дайлсан шүү. Адаг сүүлд нь тэд гараад явахдаа намайг дүүгээ харж бай гэж үлдээлээ. Дүү охин сэрээд орон дээрээс мөлхөж уначих магадгүй тулд би түүнийг харахаар үлдсэн юм.

Би цэргийн ахын хувцсыг сонирхож, малгайг нь өмсөж толинд харж үзлээ. Надад их сайхан зохиж байх шиг байсан. Дарга малгай их сүртэй гоё байдаг юм. Дараа нь би ширээнд очиж суугаад өвөөгийн үлдээсэн хуурганаас нэг үмхлээ. Ширээн дээр өвөө ах хоёрын ууж байгаад үлдээсэн шилтэй архи байна. Бөглөөг аваад үнэртээд үзэхэд их сайхан хүж шиг үнэр гарч байна.

Архи ер нь их сайхан амттай байх. Тийм биш бол өвөө чихэрт дургүй мөртөө архинд юунд дуртай байх вэ? Энэ хүрэн архи лав тоорын компоод шиг их сайхан амттай байх. Эсвэл зөгийн бал шиг ч байж магадгүй.

Ингэж бодоод би энэ олон таван хошуутай архины шилийг ам руугаа тонгойлгож, нэг томхон балгаж орхилоо. Тэгтэл хамаг ам хэл, хоолой шатаачих шиг санагдаад хоёр нүднээс аяндаа нулимс асгаж, амьсгаа ч авах аргагүй боллоо. Би уйлах шахлаа.

Өвөө ийм хор шиг хачин муухай юманд яагаад дуртай байдаг юм бэ гэж жигтэйхэн их гайхлаа. Энэ лав уух юм биш, хор байх шүү! Хор идсэн чоно нохой үхэхгүй бол галзуурдаг гэж өвөөд нэг анчин хүн ярьж байсан юм. Өвөө ч бас энэ архиа уухаар галзуу нохой шиг хөл нь гуйваад ирдэг юм. Хор уучаад галзуурах шахаад байгаа нь тэр байх. Өвөөг одоо архи уулгаж байхаа байя гэж би хатуу шийдлээ.

Дүү сэрээд уйлахаар би пальтогий нь өмсүүлээд өргөж гэрт орлоо. Түүнийг эх нь авч миний сулартал өвөө архинд явах гэж байгаа бололтой.

-Ганцхан шил л хэрэгтэй. Шилий нь өгөөд би одоохон урд мухлаг хаачихаас өмнө ганц шил юм аваад ирье. Ах нь дүүтэйгээ ганц шил юм уулгүй яах вэ гэж байна.

Сэдэд ах над руу хараад:

-Миний дүү байшинд ороод хувцасны шүүгээний дэргэд ёроолд нэг хоосон лонх байгаа, аваад ир! гэж байна.

Би гүйж тэр шилийг нь өвөөд авчирч өглөө. Өвөөг мухлаг руу явахад би бушуухан байшинд орж, Сэдэд ахын шинел, дарга малгайг өмсөж аваад хашааны хаалганы дэргэд зогсож өвөөг харуулдаад байлаа. Өвөө мухлагт орчоод архи зардаг хужаатай яриад байх шиг байв. Одоо бүрэнхий болоод гудамжинд байгаа хүний царай бараг танигдахгүй болж байна.

Би өвөөгийн ганц шил архийг уулгахгүй булааж аваад хагалах гэж хүлээж байв.Өвөө одоо архи ууж болохгүй. Хороо уугаад галзуурдаг дээрээ л байх шиг байна. Одоо яасан ч архи уулгаж болохгүй гэж бодож байв.

Нэг хартал мухлагийн хаалга нээгдэж цаад гэрэлд нь манай өвөө өрөөсөн гараа өвөртөө хийчихсэн, нөгөө гартаа шилтэй юм бариад гарч ирэх нь хоромхон үзэгдээд хаалга хаагдмагц үзэгдэхгүй боллоо. Би хашаанд наалдаж хаалганы дэргэд ирмэгц барьж яваа шилтэйгээс нь шүүрээд авлаа. Өвөө гэнэт цочиж:

-Хө чи яаж байна, хүүхээ! Хүний юм булаах чинь үү? гэнгүүт ноцолдохын зуур бөхийж тасарч байгаа үдшийн гэгээнд намайг цэрэг хувцастай цэрэг малгайтай хүн болохыг хармагц:

-Хэн бэ чи? Цэрэг цагдаа хүн үү? Би согтуу хүлцүү ч хүн биш байна. Наадахаа тавь! гээд шилтэйгээ надаас угз татаад автал гараасаа нөгөөдөхөө мулт үсэргээд алдав. Архи нь гудамжны чулуун дээр унаад хагарч орхилоо. Миний санасан санаа ёсоороо боллоо. Би бушуухан харанхуй догол руу дув дуугүй зугтаалаа.

Өвөө хараал тавьж бөхийн, өнөөх шилтэйгээ хагарсныг мэдээд хаалгаар яваад орлоо. Би тэр хооронд цаашаа гүйж байшинд ороод Сэдэд ахын шинелийг шүүгээнд өлгөөд гэрт орж хатавчинд зогсов. Өвөө бүр гутарч гүйцсэн бололтой тамхиа баагиулан:


-Ээ дээ энэ жил ч би үхнээ. Цаанаа л нэг явайгүй байна. Амны минь хишиг бүр нэг ар дээрээ гарч гүйцсэн шиг байна гэж үглэж байна.

-Ямар золиг нь танаас архи дээрэмдэж уух гэдэг юм бол? гэж Сэдэд ах гайхаж байна.


-Ямрыг бүү мэд. Нэг намхан салбаганасан юм хүрч ирээд ноцолдож байгаад хагалуулчихлаа. Хулгайч дээрэмч юм уу гэтэл цэрэг цагдаа хувцастай хүн шиг харагдах юм гэж өвөө хэлж байна.

Би дотроо *Өвөө намайг таньсангүй!* гэж бодоод инээд хүрч байв.

-Үгүй энэ гайхал арай биш байгаа даа. Хараач гээд Сэдэд ах над руу харцаараа гэнэт зааж орхилоо. Би *Ах намайг яагаад таачихав?* гэж гайхахдаа хувцас руугаа харлаа.


-Аав минь, энэ гайхал тэгснээс гарцаагүй. Энэ малгайгий нь хараач гээд ээжийг надруу ухасхийх үеэр би гарч зугтах гэсэн боловч босгонд таварцаглаад баригдаж орхилоо. Убаа эгч бас намайг зэмлэж, миний *дэггүйг* гайхлаа.

Тэгэвч би өвөөгийн уух гэсэн архийг санаатай санамсаргүй асгах, нууж чинжүү холих зэргээр өвөөгөө архинаас гарах тэмцлээ үргэлжлүүлж байлаа.

No comments:

Post a Comment