Tuesday, December 14, 2010

КОМПЬЮТЕР ТОГЛООМ БОЛ УЛС ТӨРИЙН ХЭРЭГСЭЛ

Нүүдэлчин удамт Монголчууд өнөөдөр эмээ өвөөгийн үлгэр домгийг хүүхэлдэйн киногоор, хэвлэл, ном зохиолыг телевиз, интернетээр, амьд харилцааг гар утас, мессежээр, чөлөөт цаг, оюуны хүмүүжлийг компьютер тоглоомоор орлуулах болсноор бодит нийгэмтэй зэрэгцэн виртуал нийгэм үлэмж хурдтай тэлж эхэллээ. Өдгөө виртуал нийгэм, виртаул улс орон, виртуал эхнэр нөхөр, нийгмийн харилцаа аль хэдий нь бий болж олон сая хүн зөвхөн түүгээр нийгмийн амьдралын тодорхой хэрэгцээгээ хангаж, түүнгүйгээр оршин тогтнох аргагүйгээр өдөр тутмын амьдралаа авч явах болжээ.

Харин энэ удаад бид бүхэлдээ виртаул нийгмийн талаар бус харин энэхүү “виртаулжсан” нийгэм ба улс төрийн хүрээний зарим нэг огтолцлын талаар саналаа хуваалцах юм. Товчхондоо улс төр яаж компьютер тоглоомыг ашиглаж байгаа талаар гэсэн үг.

Орчин үед компьютерийн тоглоомын сэтгэл зүйн талаар тусдаа хавсрага салбар хүртэл хөгжиж, хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой судалгаанууд олноор нийтлэгдэх болсон байна. Залуучуудын хувьд улс төрөөс хол хөндий байх нь нийгмийн байдаг л үзэгдэл. Харин компьютерийн улс төрийн шинжтэй тоглоомууд залуучуудад ОНМХ-ээс ч илүү анхаарал татаж, улмаар зарим нэг улс төрийн онолын ойлголт хүртэл эвтэйхэн өгөөд байх болж. Бүр компьютер тоглоомын хүч нөлөө аль хэдий нь анзаарсан улс төрийн хүрээнийхэн янз бүрийн утгагүй, хийсвэр уриа лоозон, хөтөлбөр програм гэж гүйхээ болиод яаж аятайхан тоглоом хийх үү хэмээн толгойгоо гашилгах болсон байна.

Өөрөөр хэлбэл, компьютер тоглоом нь зугаа цэнгэл, цаг нөгцөөх үүргээсээ нэгэнт хальж, улс төрийн бодлогын чухал хэрэгсэл болж эхэлсэн ажээ. Тухайлбал, 2003 оноос АНУ-ын эрх баригч намууд өөрсдийн улс төрийн компьютер тоглоомуудыг хийж эхэлсэн байна. Тэд “Урагшаа гүйгч” (Frontrunner), “Сонгууль” (Еlections), “Мөнхийн ерөнхийлөгч” (President Forever), “Улс төрийн машин” (The Political Machine) зэрэг бүхэл бүтэн цуврал тоглоомыг олон нийтэд хүргэжээ. Уг тоглоомоор дамжуулан иргэн хүн өөрөө сонгуульд нэр дэвшиж, хэрхэн сонгуулийн кампаниа удирдах, сурталчилгаа яаж хийх тухай нэг бүрчлэн боловсруулсан аргачлалын дагуу “өрсөлдөж” болдог. Улмаар улс төрчид, бодлого баригчдын “хүнд хэцүү зовлон”, ачаалал, ажлын онцлогийг “ухамсарлаж”, улс төрийн идэвх нь өөрийн эрхгүй өсдөг гэнэ.

Манай улс ч юугаараа дутахав. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчөө “эвгүй байдалд” оруулсан жижиг сажиг тоглоомуудыг интернетэд байрлуулж, нэр хүндийг нь унагах оролдлого хийж байсныг санаж байна. Миний санаж буйгаар нэг нөхөр олон нүхний аль нэгээс нь цухуйнгуут толгой руу нь алхаар цохиж оноо авдаг тоглоомыг интернетэд байрлуулсан байсан даг.

Иймэрхүү ёс зүйн хувьд таарамжгүй бүр цаашлаад нийгмийг (дан ганц залуучууд гэлтгүй өдгөө анхны компьютер тоглоомчдын нас хэдий нь 40 хэлбийгээд одсон) хууль бус зүйлд уриалж, уруу татсан, өдөөн хатгасан шинжтэй тоглоомууд ихээр гарсан нөхцөлд хэрхэн зохицуулж, хяналт тавихыг хөгжингүй улс орнууд ч бүрэн шийдэж чадахгүй байна.

Олон улсын харилцаанд ч хурц зөрчил үүсгэхээр нөхцөл харагддаг. Аль нэг улс орон өөрийн хойч үеийнхэндээ дайсан эсвэл нөхөр хэн бэ гэдгийг стратегийн тоглоомоор дамжуулан илэрхий ухуулах болсон. Нэг үгээр хэнтэй сөргөлдөж байлдах, хэнтэй нэг тал болох талаар санамсаргүй мэт хэрнээ цаанаа нарийн утга агуулсан олон тоглоом байдаг. Улмаар хэн хамгийн сайн стратегийн тоглоом хийж байгаагаар нь улс орны хөгжлийг тодорхойлох шалгуур тавигдах болсон байна.

Залуучуудын хувьд дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжлийн талаар давгүй мэдлэгийг компьютер тоглоомоор дамжуулан олж авах болсон нь жирийн үзэгдэл. (Тухайлбал, Victoria, Civilization, Homeworld, Age of Empires, World In Conflict, Act of War, For the glory, Warcraft). Харин тэдгээрт Дундад зууны монголын байлдан дагууллын талаар нэг бус удаа тусгах болсон нь бидэнд сайшаалтай. Харин тэрнээс хойшхи хөгжлийн асуудлаар ... тодорхой бус байдаг нь нэг тиймэрхүү. Манайхан ч бас том стратеги биш юмаа гэхэд өөртөө таарсан боломжийг тоглоомууд зохиогоод эхэлчихсэн болохыг дуулгахад таатай байна. Хамт ажилладаг нэг багш маань энэ тал дээр анхаарал хандуулж Хүннү гүрэн байгуулагдсны 2220 жилийн ойд зориулан шинэ тоглоом бүтээх ажилд гар бие оролцох болсныг хэлэх нь зүйтэй. Гэхдээ монголчууд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний тоглоом хийтэл нилээн хэдэн жил болох байх.

Эцэг эхчүүд “Контр страйк” гэж тоглоомыг бүгд гадарлана байх. Буудалцаа л, унагаа л, устгаа л... Өнөө PC тоглоомуудын газрын үүдийг барих ёстой гээд байдаг чинь гол төлөв энэ тоглоомтой холбоотой шүү дээ. Олон удаа тоглохоор сүүлдээ гадуур гарахаар хэн нэгэн булангийн цаана буудахаар хүлээж байгаа сэтгэгдэл төрөөд байдаг юм даа. Хэдийгээр виртуал орчин ч гэсэн хэн нэгнийг буудах, устгах нь маш хялбар гэж сэтгэж өссөн бацаанууд нийгмийг удирдах ээлж нь ирэх үед асуудлыг хэрхэн шийдвэрлэх, улмаар олон улсын түгшүүртэй байдал бий болох үед яаж хандахыг тааж мэдэх арга алга. Хөндий таамаглахад хоёр хөршид маань хүчирхийллийн шинжтэй тоглоом тоглогчдын тоо манай улсын хүн амыг хэд дахин нугалсан тоо гарах нь гарцаагүй. Тоглоомоос болж төрөл төрөгсөд ах дүү, найз нөхдийнхөө аминд нь хүрсэн жишээ олон удаа гарсан. Ийм цус, аллага үнэртсэн Call of Duty, Rogue Warrior, Soldier of Fortune, Raven Squad зэрэг тоо томшгүй олон тоглоом бий.

Гэхдээ бас бүтээн байгуулалт, ажил хэрэг, аж төрлийн талаар санаа өгөхүйц иргэншсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн хүмүүжлийн ач холбогдолтой тоглоомууд ч байгааг хэлэх нь зүйтэй. (Cities XL, VirtualCity, Democracy 2, Virtual villagers, Virtual Families, Farm Craft, My Life Story, Real Estate Empire, Build a Lot 4 зэрэг) Ингээд улс төр ба компьютер тоглоомын зарим нэг огтолцлыг харуулсан зарим нэг баримт дурьдая.

Шинэ цагийн фашист, арьсны үзэлтнүүдийн тоглоом

Орчин үеийн арьс өнгөөр гадуурхагчид болон үндэсний үзэлтнүүд комптютер тоглоомоор дамжуулан өөрсдийн үзэл санааг дэлгэрүүлэх сурталчлах ажлыг идэвхтэй зохион байгуулах болсон байна. Тухайлбал, 2002 онд бүтээгдсэн “Угсаатны цэвэрлэгээ” (Ethnic Cleansing) гэх тоглоомонд америкт өнгөрсөн зууны эхэн үед газар аваад байсан Ку-клукс-кланы цагаан жанч нөмрөгтэй болон мулзангуудын хэв маяг бүхий нөхдүүд европын хотууд дахь еврейчүүд болон өөр бусад үндэстнүүдийг ангуучлах ажиллагаа хийх байдлаар зохиомжилсон байдаг. Мөн “Волфенштейн цамхгаас зугтагч” (Escaping from Castle Wolfenstein) гэх видео тоглоомын нэг хувилбар дээр гол баатар нь “негр”-үүдийг болгож тавьж байгаагаар дүрслэгддэг. Эдгээр болон бусад нацист шинжтэй тоглоомуудыг “Бүтээгч эзний бүх дэлхийн сүм” гэх сүрхий нэртэй цагаан арьстныг дээдлэгч байгууллагаас санаачлан хийж тараадаг гэнэ. Ямартай ч уг тоглоомыг Европын холбооны нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон шийдвэрийг Арьсны тэгш эрхийн хороо удалгүй гаргасан аж. Улмаар интернетээр ийм тоглоом дамжуулах боломжийг хязгаарлах талаар ч ЕХ нухацтай хандах болж. Гэвч интернет-шинжээчид интернет дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх техникийн боломж байхгүй гэж сануулж байна.

Харьд цагаачлагчид өөрийн тоглоомтой

2003 онд бүтээгдсэн “Вумэрийн дүрвэлт” (Escape from Woomera) гэдэг тоглоомын гол санаа нь тоглогч хууль бус цагаачдыг хянан харгалзах Вумер дэхь төвөөс нарийн төвөгтэй саад бэрхшээлийг даван зугтах үйлдлийг хийх ёстойгоор гардаг. Зохиогч тоглоомоо бодиттой болгохын тулд хууль сахиулагчид болон цагаачлагчидтай хийсэн цуврал сурвалжлагаар баримтжуулжээ. Хууль бус цагаачдыг “хуулинд хэрхэн захирагдахгүй байх” аргыг сургасан уг тоглоомын санхүүжилт 15 000 долларыг зохиогч төрийн мөнгөнөөс босгосон болох нь удалгүй мэдэгдэж, Австралид томоохон шуугиан дэгдэж байв. Харин зохиогч “ОНМХ-ийн хувьд хаалттай сэдэв болох цагаачлагчдын лагерт ноёрхсон фашист дэглэмд олон нийтийн анхаарлыг татахын тулд” уг тоглоомоо хийснээ илэрхийлсэн байна.

Уг төстэй явдал мөн хугацаанд Швейцарт болжээ. Уг улсын дүрвэгсдийн асуудал хариуцсан товчоо сайт дээр “Швейцарт бүртгүүлэх нь” нэртэй тоглоом байрласан байна. Гол утга нь тоглогч ангол, косово, турк зэрэг орны улс төрийн дүрвэгчийн аль нэгийг сонгож тоглоно. Дүрвэгч тодорхой эд зүйл, гэр бүлээсээ аль нэгийгээ авахаа сонгоод, Швейцар луу зугтана. Ингээд албан ёсоор бүртгүүлэх хүртлээ хууль ёсны болон хууль бус олон зүйл хийнэ. Энэ үедээ цагдаад баригдвал тоглоомоос хасагдаж, ялвал бүртгэлд “хамрагдана”. Уг тоглоомонд өдөрт 20 000 хүн орж тоглож байсан бөгөөд тоглоом зохиогч Сибилла Сигварт “бид хүмүүст өөрийн орноосоо дүрвэсэн хүмүүс Швейцарт ирэхийн тулд ямар хүнд бэрхшээл тулгардгийг ойлгуулахыг зорьсон” гэж мэдэгдсэн байдаг.

Ерөнхийлөгчийг устга

2004 онд АНУ-д “Жон Кеннеди: дахин ачаалах нь” (JFK Reloaded) нэртэй тоглоом зах зээлд маш хурднаар тарж эхлэсэн байна. Тоглогч Кеннидийг буудсан Ли Харви Освальдын дүрд тоглон 3 удаагийн оролдлогоор “ерөнхийлөгчийг унагах” ёстой. Тоглоом зохиосон фирм яг бодит байдал шигээ машин, хүзүү, толгойнд нь оносон хүнд 100 000 долларын шагнал амалсан байна. Кеннидийн төрөл төрөгсдийн зүгээс “хэлэхийн аргагүй жигшүүрт явдал” гээд хориглох ёстой гэж мэдэгдсэн ч уг тоглоомыг одоо ч хүүхдүүд тоглосоор байгаа аж.

НҮБ хүртэл видео тоглоом зохиодог

2005 онд НҮБ “Хүнсний отряд” (Food Force) хэмээх тоглоомыг 8-13 насныханд зориулан гаргажээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал Нейл Галлахер мэдэгдэлдээ: “Хөгжингүй ертөнцийн хүүхдүүд өлсгөлөнгөөс болж туйлдаж унана гэж юу болохыг мэдэхгүй байгаа тул бид үүнийг харуулахыг хичээсэн юм” гэж хэлсэн байна. Тоглогч иргэний дайн өрнөж байгаа улсад очиж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, хүнсний бодит хэрэгцээ болон орон нутгийн онцлог, үнэ зэргийн харьцуулаад оновчтой хуваарилалт хийх, сайн дурынхны аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг шийдэж зургаан үеийг давах ёстой. Тоглоом үнэхээр бодит байдлыг харуулсан нөхцлийн талаар видеоролик үзүүлснээр төгсөнө. Өдгөө тоглоомыг дэлхийн олон хэл дээр орчуулан хүүхдүүдээр тоглуулж байна.

Сонгуульд компьютер тоглоомыг ашиглах нь

2006 онд Британий Сонгуулийн ерөнхий хороо иргэдээ сонгуульд идэвхтэй оролцуулах зорилгоор “Сонгуулийн сэрүүлэгтэй цаг” (Election Alarm Clock) гэх тоглоомыг санал болгосон байна. Сонгогчид тоглоом тоглохын тулд албан ёсоор нэрээ бүртгүүлснээр санал авалтад хүрэлцэн ирэхийг урьсан цахим шуудан, мессеж ирнэ. Тоглоомын зохиогчид 3.5 сая иргэдийг ийнхүү улс төрийн идэвхийг сэрээж чадна гэж тооцоолсон ба харин үр дүн нь юу болсныг нийтэд мэдээлээгүй байна.


За тэгээд "тоо бод, тос ид" хэмээх зүйр үгийн оронд "Комьютер тогло, кола уу" гээд зүтгээд байж дээ залуусаа.

АРХИНААС ГАРХАД ОРОЙТОХГҮЙ



Энэ явдал цагаан сараар болсон юм. Гэхдээ манай хашаанд ч биш, сургууль дээр ч биш, харин Убаа эгчийн хашаанд болсон хэрэг юм шүү. Тэр хашаа Төв эмнэлгийн зүүн урдхан баруун тийшээ харсан нэг доголд байсан юм. Андашгүй, тэр доголын урдах өнцөг дээр ба баруун тийшээ харсан архины мухлаг байдаг юм.

Убаа эгч над шиг үсээ хусуулчдаг цул үрчлээ болсон нүүртэй намхан бөгтөр эмгэн байсан юм. Түүний нас нүүрийнхээ үрчлээ шиг л тун их байсан байх. Яагаад гэвэл манайхан цөмөөрөө *эгч* гэдэг. Тэр байтугай өндөр өвөө хүртэл түүнийг *эгчээ* гэдэг байсан юм. Тийм их настай хүн болохоор нь бид жил бүр очиж золгодог ёсоороо үдээс хойш тэднийд очсон юм.

Убаа эгч хашааны голд байшингийн дэргэд барьсан жижигхэн өмгөр гэртээ оруулж бидэнтэй золгоод хонины тарган ууц, идээ, битүүллэг тавьж дараа нь банш чанаж өгдөг юм. Тийм сайхан амттай банш өөр айлд ер идэж үзээгүй шиг санагддаг сан. Бас жаахан айраг халаагаад өгч байх ч магадгүй. Дараа нь эгч бид хоёрт чихэр боов, ээжид жаахан хоргой ч юм уу, гоё алчуур ч өгөх магадгүй. Өвөөг бол ахтай хамт шимийн архиар заавал дайлна.

Сэдэд ах бол ахмад цолтой дарга хүн. Гэхдээ Убаагийн хүү юм гэнэлээ. Намхан тагжгар бор хүн байдаг юм. Убаа эгчийнд дайлуулж бэлэг сэлт авсны дараа тэр ах биднийг гэртээ урьсан юм. Гэртээ ч гэж, үнэндээ эгчийн гэрийн зүүн талын урт нарийхан намхан цагаан байшинд урьсан. Ахын авгай элдэв ногоо пүнтүүзтэй гоё хуургаар дайлсан юм. Өвөөг бол шимийн архиар биш, шилтэй гоё хүрэн архиар дайлсан шүү. Адаг сүүлд нь тэд гараад явахдаа намайг дүүгээ харж бай гэж үлдээлээ. Дүү охин сэрээд орон дээрээс мөлхөж уначих магадгүй тулд би түүнийг харахаар үлдсэн юм.

Би цэргийн ахын хувцсыг сонирхож, малгайг нь өмсөж толинд харж үзлээ. Надад их сайхан зохиж байх шиг байсан. Дарга малгай их сүртэй гоё байдаг юм. Дараа нь би ширээнд очиж суугаад өвөөгийн үлдээсэн хуурганаас нэг үмхлээ. Ширээн дээр өвөө ах хоёрын ууж байгаад үлдээсэн шилтэй архи байна. Бөглөөг аваад үнэртээд үзэхэд их сайхан хүж шиг үнэр гарч байна.

Архи ер нь их сайхан амттай байх. Тийм биш бол өвөө чихэрт дургүй мөртөө архинд юунд дуртай байх вэ? Энэ хүрэн архи лав тоорын компоод шиг их сайхан амттай байх. Эсвэл зөгийн бал шиг ч байж магадгүй.

Ингэж бодоод би энэ олон таван хошуутай архины шилийг ам руугаа тонгойлгож, нэг томхон балгаж орхилоо. Тэгтэл хамаг ам хэл, хоолой шатаачих шиг санагдаад хоёр нүднээс аяндаа нулимс асгаж, амьсгаа ч авах аргагүй боллоо. Би уйлах шахлаа.

Өвөө ийм хор шиг хачин муухай юманд яагаад дуртай байдаг юм бэ гэж жигтэйхэн их гайхлаа. Энэ лав уух юм биш, хор байх шүү! Хор идсэн чоно нохой үхэхгүй бол галзуурдаг гэж өвөөд нэг анчин хүн ярьж байсан юм. Өвөө ч бас энэ архиа уухаар галзуу нохой шиг хөл нь гуйваад ирдэг юм. Хор уучаад галзуурах шахаад байгаа нь тэр байх. Өвөөг одоо архи уулгаж байхаа байя гэж би хатуу шийдлээ.

Дүү сэрээд уйлахаар би пальтогий нь өмсүүлээд өргөж гэрт орлоо. Түүнийг эх нь авч миний сулартал өвөө архинд явах гэж байгаа бололтой.

-Ганцхан шил л хэрэгтэй. Шилий нь өгөөд би одоохон урд мухлаг хаачихаас өмнө ганц шил юм аваад ирье. Ах нь дүүтэйгээ ганц шил юм уулгүй яах вэ гэж байна.

Сэдэд ах над руу хараад:

-Миний дүү байшинд ороод хувцасны шүүгээний дэргэд ёроолд нэг хоосон лонх байгаа, аваад ир! гэж байна.

Би гүйж тэр шилийг нь өвөөд авчирч өглөө. Өвөөг мухлаг руу явахад би бушуухан байшинд орж, Сэдэд ахын шинел, дарга малгайг өмсөж аваад хашааны хаалганы дэргэд зогсож өвөөг харуулдаад байлаа. Өвөө мухлагт орчоод архи зардаг хужаатай яриад байх шиг байв. Одоо бүрэнхий болоод гудамжинд байгаа хүний царай бараг танигдахгүй болж байна.

Би өвөөгийн ганц шил архийг уулгахгүй булааж аваад хагалах гэж хүлээж байв.Өвөө одоо архи ууж болохгүй. Хороо уугаад галзуурдаг дээрээ л байх шиг байна. Одоо яасан ч архи уулгаж болохгүй гэж бодож байв.

Нэг хартал мухлагийн хаалга нээгдэж цаад гэрэлд нь манай өвөө өрөөсөн гараа өвөртөө хийчихсэн, нөгөө гартаа шилтэй юм бариад гарч ирэх нь хоромхон үзэгдээд хаалга хаагдмагц үзэгдэхгүй боллоо. Би хашаанд наалдаж хаалганы дэргэд ирмэгц барьж яваа шилтэйгээс нь шүүрээд авлаа. Өвөө гэнэт цочиж:

-Хө чи яаж байна, хүүхээ! Хүний юм булаах чинь үү? гэнгүүт ноцолдохын зуур бөхийж тасарч байгаа үдшийн гэгээнд намайг цэрэг хувцастай цэрэг малгайтай хүн болохыг хармагц:

-Хэн бэ чи? Цэрэг цагдаа хүн үү? Би согтуу хүлцүү ч хүн биш байна. Наадахаа тавь! гээд шилтэйгээ надаас угз татаад автал гараасаа нөгөөдөхөө мулт үсэргээд алдав. Архи нь гудамжны чулуун дээр унаад хагарч орхилоо. Миний санасан санаа ёсоороо боллоо. Би бушуухан харанхуй догол руу дув дуугүй зугтаалаа.

Өвөө хараал тавьж бөхийн, өнөөх шилтэйгээ хагарсныг мэдээд хаалгаар яваад орлоо. Би тэр хооронд цаашаа гүйж байшинд ороод Сэдэд ахын шинелийг шүүгээнд өлгөөд гэрт орж хатавчинд зогсов. Өвөө бүр гутарч гүйцсэн бололтой тамхиа баагиулан:


-Ээ дээ энэ жил ч би үхнээ. Цаанаа л нэг явайгүй байна. Амны минь хишиг бүр нэг ар дээрээ гарч гүйцсэн шиг байна гэж үглэж байна.

-Ямар золиг нь танаас архи дээрэмдэж уух гэдэг юм бол? гэж Сэдэд ах гайхаж байна.


-Ямрыг бүү мэд. Нэг намхан салбаганасан юм хүрч ирээд ноцолдож байгаад хагалуулчихлаа. Хулгайч дээрэмч юм уу гэтэл цэрэг цагдаа хувцастай хүн шиг харагдах юм гэж өвөө хэлж байна.

Би дотроо *Өвөө намайг таньсангүй!* гэж бодоод инээд хүрч байв.

-Үгүй энэ гайхал арай биш байгаа даа. Хараач гээд Сэдэд ах над руу харцаараа гэнэт зааж орхилоо. Би *Ах намайг яагаад таачихав?* гэж гайхахдаа хувцас руугаа харлаа.


-Аав минь, энэ гайхал тэгснээс гарцаагүй. Энэ малгайгий нь хараач гээд ээжийг надруу ухасхийх үеэр би гарч зугтах гэсэн боловч босгонд таварцаглаад баригдаж орхилоо. Убаа эгч бас намайг зэмлэж, миний *дэггүйг* гайхлаа.

Тэгэвч би өвөөгийн уух гэсэн архийг санаатай санамсаргүй асгах, нууж чинжүү холих зэргээр өвөөгөө архинаас гарах тэмцлээ үргэлжлүүлж байлаа.

АГААРЫН БОХИРДОЛ ХҮНИЙГ ҮРГҮЙ БОЛГОДОГ



Сvvлийн vед нийслэл хотод агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Тэр тусмаа хорвоод мэндэлж байгаа алаг vрс маань эхийн хэвлийдээ угаартаж, хордож байна гэхээр агаарын бохирдол ямар хэмжээнд хvрч байгааг илтгэж байгаа хэрэг.

Сvvлийн жилvvдэд манай орны хувьд агаарын бохирдол нэлээн хурцаар тавигдах болсон. Хvн ус, хоол хvнсгvйгээр 10-30 хоног ч амьдарч чаддаг бол агааргvйгээр хэдэн минутын хэмжээнд л яригдана. Тиймээс агаар бол биднийг амьдруулдаг гол эх уурхай юм. Агаарын бохирдол 10-20 жилийн ємнє єнєєдєр шиг ноцтой яригдахгvй байсан. Тэр vед хотжилт бага, авто машин, vйлдвэр цєєхєн байсан. Гэтэл одоо Улаанбаатар хот єргєжиж сая гаран хvн амтай, машинууд нь гудамжиндаа багтахгvй болж, айл єрх єссєн зэргээс болоод агаарын бохирдол сvvлийн vед хvний эрvvл мэндэд хор хvргэх хэмжээнд хvртэл бохирдсон байна. Агаарын бохирдлын гол эх уурхай бол цахилгаан станцууд, уурын зуух, гэр хороолол, автомашин. Эдгээрээс гарч байгаа хорт бодисууд агаарыг бохирдуулдаг. Жишээлбэл, автомашинаас бензферин, хvнд металлууд зэрэг химийн бодисууд, нvvрснээс голчлон хvхэрлэг хий, хvчилтєрєгчийн дутуу ислийн хvчлийн хийнvvд ялгарч агаарт нэгдэж байдаг.

Агаарын бохирдолтонд ямар бодис ямар хэмжээгээр байна вэ гэдгээсээ хамаарч янз янзын эмгэг нєлєє vзvvлдэг. Жишээлбэл хvнд металлууд агаарын найрлаганд ихээр агуулагдаж байвал хvний дотоод эрхтэн элэг, бєєр гэмтэх, хvхэрлэг хий юмуу, азотын ислvvд ихэссэн тохиолдолд амьсгалын замын євчинд єртємхий болох зэрэг эмгэг илэрдэг. Агаарын бохирдол нь эрэгтэй, эмэгтэй хvмvvст єєр єєрєєр нєлєєлнє. Эмэгтэй хvнд сарын тэмдгийн єєрчлєлт, эрт цэвэрших, тєрєлтийн хvндрэл, тєрєлтийн гажиг, дутуу тєрєлт, vр зулбах цаашлаад vргvй болдог бол эрэгтэй хvнд мэдрэл, дотоод шvvрлийн булчирхайн vйл ажиллагааны єєрчлєлт, цусанд орох бэлгийн дааврын єєрчлєлт, бэлгийн булчирхайд сєрєг нєлєєлєл vзvvлж, эр бэлгийн эсийг дарангуйлах, эр бэлгийн эсийн тоо цєєрч чадвар муудах, vргvй болох зэрэг муу vр дагавартай. Урагт агаарын бохирдол яаж нєлєєлєх вэ, тэрнээс яаж хамгаалах вэ гэдэг тал дээр олон улсын эрдэмтэд сvvлийн vед анхаарлаа хандуулж судалгаа шинжилгээний ажил хийж байна. Эрэгтэйчvvдийн хувьд хийсэн судалгаа маш их байдаг. Жишээлбэл, 1938 онд хийсэн судалгаагаар нэг мл vрийн шингэнд 113 сая эр бэлгийн эс байдаг гэсэн TOO гарч байсан бєгєєд 1999 онд 66 сая болж багассан байсныг агаарын бохирдолтой холбож vзсэн. Францад 1973-92 онд хийсэн судалгаанд 1351 эрэгтэй хамрагдсан. Тэгэхэд бохир агаартай газар байсан хvмvvсийн эр бэлгийн эсийн агууламж нэг жилд 2.1%-иар, эрvvл бvтэцтэй бэлгийн эсийн чадавхи нь 0.7%-иар багасч байсан. Эрдэмтэд vvнийг агаарын бохирдолттой холбож тайлбарлаад тєрєлтєнд гарч байгаа гажгуудыг ч эр бэлгийн эстэй холбож vзсэн. Тєрєлт эхийн эрvvл мэнд, амьдралын нєхцєл, хийдэг ажил, хоол унд зэргээс ихээхэн шалтгаалдаг. Гэхдээ бvх гажгууд, дутуу тєрєлт, vр зулбах, амьгуй тєрєлтийг агаарын бохирдолтой холбож болохгvй. Ямар нэгэн хэмжээгээр НЄЛЄЄЛЖ байгааг vгvйсгэхгvй.

Агаарын бохирдолтоос болж эцгийн vр тогтоох чадвар муудаж, эхийн цусанд угаарын хий болон химийн бодисууд байгаа vед vр тогтохоос эхлээд л хордлого явагддаг. Єєрєєр хэлбэл, vр тогтоход эх эцэг хоёр нь хоёулаа бохир агаараар хордож ямар нэг эмгэгтэй байсан бол vлгэн салган, хордсон ураг хєгжиж эхэлдэг. Цаашдаа ураг єсєєд, тєрєн тєртлєє агаарын бохирдолтой газар байх юм бол урагт нєлєєлєєд л явна. Тиймээс бохирдолтын нєхцлvvдэд хvмvvс, ялангуяа жирэмсэн эхчvvдийг эхний саруудад агаарын бохирдолгvй газар байлгах нь чухал. Нэгэнт урагт очиж байгаа цусанд хvчилтєрєгч багасч угаарын хий очиж байвал угаарын хий очоод мєн ургийн гемоглобинтой нэгдэж ургийн хvчилтєрєгчийг багасгадаг. Ураг бvрэлдэж байгаа vед хамгийн аюултай нь хvчилтєрєгч дутагдсанаас болоод тэнд ямар нэгэн эмгэгvvд vvсдэг. Тархи, дотоод эрхтний хєгжил муу болох, эд эс нь буруу vржих, єсєх, ийм байдал болсноос болоод ургийн хэвийн єсєлт алдагдчихдаг. Vvнээс болж дутуу тєрєлт, амьгvй тєрєлт, бага жинтэй хvvхэд тєрєх, тахир дутуу хvvхэд тєрєх, ухаан муу хvvхэд тєрєх, ийм тохиолдлууд химийн хорт бодисуудтай шууд холбоотой.

Манайд ерєєсєє энэ талын судалгаа хийгдэхгvй байна. Манайд эр бэлгийн эсийн тоо, чадварыг тодорхойлох арга дєнгєж сая нэвтэрч байгаа. Эсийн TOO ямар байна вэ, чадвар нь ямар байна вэ гэдгийг манай зарим судлаач судалж эхэлсэн боловч олон жилийн харьцуулж vзсэн судалгаанууд байдаггvй. Єнєєдєр манайд гажиг тєрєлтvvдийг энэ агаарын бохирдолтой холбоотой болж, энэ нь тийм байна гэж хэлэхэд хэцvv. Тийм судалгаа байхгvй. Тиймээс жирэмслэлтийн явцад химийн бодисууд vр хєврєлд, урагт ямар нєлєє vзvvлж байна вэ, урагт нь яаж нєлєєлєв гэдгийг судлах шаардлагатай. Тэгэхгvй бол юм бvхнийг агаарын бохирдолтой холбодог, эсвэл ерєєсєє агаарын бохирдолт хамаагvй гэж vздэг ийм байдал тарах гээд байна. Агаарын бохирдолт манай орны гажиг тєрєлтvvдийн тодорхой хувьд нь нєлєєлж байгааг нь vvнтэй холбоотой байгаа гэж хэлэхэд vгvйсгэх юм байхгvй. Эх vргэлж бохир агаараар амьсгалаад, тэр маань урагт ороод байна. Тэрийг багасгая гэвэл агаарын бохирдолтоо л багасгах, эхийг цэвэр агаарт байлгах асуудал яригдана. Яахав, дээр нь хоол хvнс, витамин гээд нєлєєлєх юм байдаг ч бохирдлоо нэг тийш нь болгоогvй цагт юу ч хийгээд нэмэргvй. Манайд жирэмсэн эмэгтэйчvvдийг 2-3 сартай байхад нь эмчийн хяналтанд авч cap болгон ураг ямар байна вэ, зєв байрлалтай байна уу, vгvй байна уу гээд vздэг ч жинхэнэ хяналт тавьдаггvй. Тодорхой шинжилгээнvvдийг хийж эхийн эрvvл мэндэд хяналт тавих ёстой. Ингэснээр ураг ямар эмгэгтэй, эхийн хордлогын шинж тэмдэг ямар байгааг тодорхойлж арга хэмжээ авч болдог. Мєн эхчvvдэд єєрсдєд нь мэдлэг олгох хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэй, ялангуяа хvчилтєрєгч дутагдалтай байвал тодорхой cap юмуу, долоо хоног бvр тогтмол хvчилтєрєгчєєр амьсгалуулах хэрэгтэй.

Дэлхий нийт агаарын бохирдолтонд гол анхаарлаа хандуулж байгаа. Ургийн ч гэлтгvй насанд хvрэгчдийн эрvvл мэндтэй холбоотойгоор хамгаалсан зvйл байдаг. Агаарын бохирдлоос болж насанд хvрэгчид голчлон зvрх судас, амьсгалын замын євчин, хорт хавдар тусах нь элбэг. Машины утаанаас гардаг бензиферин нь уушигны хорт хавдар vvсгэдэг. Тэгээд цаашаа єєр эрхтнvvдэд хорт хавдар vvсгэх нєхцлийг бvрдvvлэхийг vгvйсгэх газаргvй. Агаарын бохирдолтонд бензферин гэдэг бодисын хэмжээ хэд байна вэ гэдгийг vргэлж тогтоож байх ёстой. Тэгэхээр манайд нарийн шинжилдэг лаборатори дутуу байна ш дээ. Хэдхэн хvн хий л яриад байгаа. Хvхрийн нитрит, азотын ислvvд, нvvрстєрєгчийн дутуу исэл, хvнд металлиуд, хар тугалга, мєнгєн ус гээд. Яг нарийн шинжилгээнvvдийг манай улс хийж чадахгvй л байна. Уушигны хорт хавдар ихэссэнийг тамхитай л ихэвчлэн холбож байна. Гол нь агаарын бохирдолтой шууд холбоотой байгаа.


Бохирдлын талаар яриад байдаг ч аваад байгаа арга хэмжээ гэж манайд байхгvй. Цахилгаан станцуудын утааг маш нарийн хяналттай байлгах ёстой, ихэссэн тохиолдолд таарсан нєхєн тєлбєр тєлvvлдэг юмуу,
шvvлтvvрийг нь сайжруулах зэрэг арга хэмжээг авдаг байх ёстой. Уурын зуух бас л хар утаа гаргадаг байхад хяналтгvй. Шингэн тvлш хэрэглэнэ гээд хэрэглэдэггvй. Мєн машинуудад жил болгон vзлэг хийгээд єдий тєдий мєнгє авдаг. Гэтэл тэдгээр машины ихэнх нь шаардлага хангахгvй хар утаа гаргаж байгаа ч хєдєлгєєнєєс гарч байгаа машин байхгvй. Тэгсэн хэрнээ vзлэг хийлээ, оношлогоо тавилаа, манайх тийм сайхан оношлогоотой гээд єдий тєдий мєнгє л авахаас биш, яг болохгvй байгаа машинд арга хэмжээ авдаггvй. Агаарын бохирдолтыг багасгах талаар дорвитой арга хэмжээ авахгvй байгаа учраас Улаанбаатар хотын агаар vндсэндээ их бохирдож байна. Одоо яригдаад байгаа агаарын бохирдлоос хамгаалах тухай зvйлийг чинь олон жил ярьж байна. 20-30 жилийн ємнє гадагшаа яваад судалж ирсэн тvлш эрчим хvчний яамны сайд шахмал тvлшийг ирэх жил нэвтрvvлнэ гээд ярьж байсныг санаж байна. Тэгээд нэвтрvvлсэн юм байхгvй, єнєєдєр яриад л байна. Хэрвээ ярьж байгаа зvйл хэрэгжих юм бол агаарын бохирдол багасна.